Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургууль
Эрдэм шинжилгээний өгүүлэл · 2026
Бие даан суралцах чадварыг дунд сургуулийн сурагчдын үндсэн чадварын нэг хэмээн өргөнөөр хүлээн зөвшөөрдөг боловч түүний олон бүрэлдэхүүнт бүтэцтэй холбоотой эмпирик нотолгоо, судалгаа хангалтгүй хэвээр байна. Тодруулбал, дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварыг танин мэдэхүй, мета танин мэдэхүй болон сэтгэл хөдлөлийн бүрэлдэхүүнээр нь тоон өгөгдөлд тулгуурлан судалсан судалгаа цөөн байна. Энэхүү судалгаанд Монгол Улсын хувийн хэвшлийн дунд сургуульд суралцаж буй зургаадугаар ангийн дөрвөн бүлгийн 110 сурагчийн бие даан суралцах чадварын түвшинг судлав. Судалгаанд онолын суурьтайгаар боловсруулсан бие даан суралцах чадварын өөрөө үнэлэх асуулгыг ашиглан өгөгдөл цуглуулсан. Хэмжүүрийн дотоод найдвартай байдал буюу Cronbach’s α = 0.86, дэд хэмжүүрүүдийн α = 0.75–0.82 хооронд байв. Өгөгдөлд статистик болон нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ хийж, бүлгүүдийн хоорондын ялгааг шалгав. Судалгааны үр дүнгээс харахад сурагчдын танин мэдэхүй, мета танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар болон нийт оноо нь дөрвөн бүлгийн хувьд ойролцоо түвшинд байв. Нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээгээр аль ч бүрэлдэхүүнд статистикийн хувьд ач холбогдолтой ялгаа илрээгүй (p > .05) болно. Сэтгэл хөдлөлийн чадварын хэмжээг илэрхийлэх η² үзүүлэлтүүд бага утгатай гарсан нь бүлгүүдийн хооронд практик ач холбогдол бүхий ялгаа байхгүйг илэрхийлж байна. Эдгээр үр дүн нь судалгаанд хамрагдсан зургаадугаар ангийн сурагчдын бие даан суралцах чадварын олон бүрэлдэхүүнт бүтцийг эмпирик өгөгдлөөр тодорхойлсон бөгөөд судалгааны түүврийн хязгаарлалтыг харгалзан тайлбарлах шаардлагатай. Судалгааны үр дүн нь дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварыг цаашид судлахад суурь мэдээлэл болно.