МУБИС, БСС, Боловсрол судлалын тэнхим
Эрдэм шинжилгээний өгүүлэл · 2026
Багшийн өөрийн чадварт итгэх итгэл (БӨЧИИ) нь ажлын сэтгэл ханамж, сургах үйл, улмаар хүүхдийн суралцахуйд нөлөөлдөг. Энэхүү судалгааг БӨЧИИ-д багшийн хамтын ажиллагаа (БХА) болон бусад хүчин зүйлс нөлөөлж буй эсэхийг тодорхойлох зорилгоор хийсэн болно. Судалгаанд хот, хөдөөгийн ЕБС-ийн 200 багш хамрагдсан. Судалгааны үр дүнгээс харахад багш нарын ӨЧИИ өндөр, харин БХА хангалттай буюу дундаж түвшинд байна. Багш нарын удирдан зохион байгуулах, суралцагчдыг идэвхжүүлэх чадвартаа итгэх итгэл харьцангуй сайн, харин хувь суралцагчийн болон суралцагчдын хамтын үйл ажиллагааг дэмжихдээ цахим технологи ашиглах, суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж чадна гэдэгт итгэх итгэл тийм ч өндөр биш байна. Багш нар мэргэжлээрээ хамтран суралцаж хөгжих чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж байгаа бол сургах, суралцах үйл явцад, хувь суралцагч руу чиглэсэн хамтын үйл ажиллагаа, ялангуяа мэргэжлийн санал-зөвлөгөө буюу эргэх холбоог сайжруулах хэрэгтэй байна. БӨЧИИ нь судлуулагчдын ажилласан жил, төгссөн багш бэлтгэх сургууль, мэргэжил болон тэдний хамтын ажиллагаанаас хамаараад ялгаатай байгаа эсэхийг нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ (ANOVA)-гээр; харин хүйсээс хамаарсан ялгаа байгаа эсэхийг Т шинжүүрээр тус тус шалгахад багшийн хамтын ажиллагаанаас бусад хувьсагчдын хувьд статистик ач холбогдлын түвшинд ялгаа илэрсэнгүй. Судалгаанд оролцогчдын БӨЧИИ нь тэдний бусад багш нартайгаа хэр их хамтран ажилладаг байдал (DF=.38, F=1.72, p=.015)-аас хамаарсан ялгаа статистик ач холбогдлын түвшинд илрэв. Эдгээр хувьсагчдын хамаарлын хүчийг тодорхойлсон Пирсоны корреляцын шинжилгээнээс БӨЧИИ нь БХА-аас (r=.37, p=.01) эерэг бөгөөд дунд зэргийн хамааралтай үр дүн гарав. Иймд багш бэлтгэх их, дээд сургуулиуд суралцагчдын сурлагын амжилтад хүчтэй нөлөөлдөг БӨЧИИ-ийг сайжруулахад хувь нэмэр оруулахын тулд оюутнуудын хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургалтын явцад оюутанд санал зөвлөгөө (feedback) авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.